Дэлхийн Аваргад тунасан “Найм”-ын тулаан #Part1

Аргентин vs Серб

Нэг ч ялагдаагүй шөвөгт үлдсэн багуудын (Аргентин, Испани, АНУ, Австрали) нэгт Аргентин багтана гэж тооцоолсон хүн цөөн байх. Би бүр эхний хэсгээс ч гаргаагүй юм. Гэхдээ тэдний тоглосон багуудыг (БНСУ, Нигер, ОХУ, Венесуэл, Польш) харвал  5-0 амжилттай явахад нь гайхах зүйл алга. Туршлага бол туршлага. Сербийн шигшээгийн хувьд Испанид хамгийн сүүлд хожигдсоныг эс тооцвол асуудалтай бага тулгарсан. Аргентиний адил Испани тэднийг туршлагаар л илүүрхсэн. Никола Йокич хөөгдөөгүй бол үр дүн өөр байж ч мэднэ. Ямартай ч таван жилийн өмнө 2-р байранд орсон Сербчүүд Америкийн шигшээтэй хагас шигшээд таарах магадлал өндөр болсон. Аргентин, Сербийн багууд хамгийн сүүлд 9 жилийн өмнө Турк улсад болсон ДАШТ-д тулж байсан бөгөөд Луис Скола 32 оноо авсан ч баг нь 84-82 оор хожигдсон билээ. Тэр үеийн Саванович, Крстич нар одоо байхгүй. Оронд нь Йокич, Бьелица, Маръянович гэсэн мангасууд бий. Дайны утаа амсаж амжаагүй яваа Аргентинчууд энэ хүрээд бүдрэх болов уу гэсэн таамаг байна. Сербийн Испанид хожигдсон гол шалтгаан бол тэд багаараа 17 удаа бөмбөгөө алдсан явдал. Харин Аргентинг 11.4 удаа бөмбөг тасалдагаараа тэмцээнийг тэргүүлж яваа. Ингээд бодвол Өмнөд Америкчууд хожиж ч мэдэх юм шиг.

Аргентины давуу тал – туршлага болон хамгаалалт

Сербийн давуу тал – шидэлт болон багийн тоглолт

X-Factor – Сербийн сэлгээ хэмжээндээ хүрч тогловол тэд хожно

АНУ vs Франц

Америкчууд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагууддаа “тэд биднээс илүү удаан хамт тоглож байгаа” гэж өрсөлдөгчдийнхөө талаар олонтаа хэлсэн. Үнэн ч юм шиг, үгүй ч юм шиг. Туркийн ‘бараг л хожсон’ тоглолтыг харвал үгүй юм – талбайд гарсан 9 тоглогчоос ердөө 4 нь хоёр жилийн өмнө болсон Евробаскет тэмцээнд оролцсон байж. Америкчуудын хувьд тавхан долоо хоногийн өмнө бүрдсэн баг. Асуудал байгааг ойлгож болох. Магадгүй хожигдож болно гэсэн үзэгчдийн хүлээлт тэдний дээр байгаа дарамтыг багасгасан ч байж мэднэ. Биерхүү багийн эсрэг асуудалтай юм байна гэдэг тодорхой болсон. Тийм ч учраас АНУ vs Серб гэсэн хагас шигшээ миний анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа.  Гэхдээ эхлээд NBA-ийн залуу одод маань Францыг буулгаж авах хэрэгтэй. Австралитай ширүүн тэмцэлдсэний эцэст хоёрхон оноогоор хожигдсон Франц энэ дэлхийн аваргад бэлтгэл сайтай ирсэн гэдгээ хангалттай баталлаа. Литвийг хэсгээс мулталсан тоглолт миний хувьд лав том сюрприз байсан. Рүди Гоберийн бөмбөг хатгаж гаргасныг хожигдлын буруу гэж тохох хэрэггүй. Литвчүүд өөрсдөө тийм байдалд орох ёсгүй л байсан юм. Алдаж шүүх нь спортын нэг хэсэг. Эван Фурнье маргаангүй энэ багийн довтолгооны лидер нь. Түүний дунджилж буй 20.8 оноо тэмцээний жагсаалтын 5-р байранд бичигдэж байгаа. Нөхөр NBA-ийн тоглогчдын эсрэг оноо аваад бас сурчихсан хүн. Гэхдээ Франц Америкийг хожихын тулд ганц л зүйлийг хийх ёстой – будагтай талбайд ноёрхох. Харамсалтай нь тийм тоглогч энэ багт алга. Гобер энэ тэмцээнд 11-хэн оноо дунджилж байдаг. Тэгэхээр Америкийг энэ хүрээд хожигдоно гэж таамаглах арга алга. Хагас шигшээд Серб vs АНУ тулааныг бид үзэхгүй бол алдас болно шүү дээ.

АНУ-ын давуу тал – ур чадвар болон хурд

Францын давуу тал – удаан хамт тоглосон байдал

X-Factor – Америкчуудын хурдан довтолгооноос авсан оноо тоглолтыг шийдвэрлэнэ

Маргааш Эдди нь Испани vs Польш, Австрали vs Чех гэсэн хоёр тоглолтын талаар бичиж оруулнаа. Гэснээс та бүхэн гоё шагналтай уралдаанд азаа үзэж амжаагүй яваа юм биш биз???

Дараах линкээр ороод маш том шагналын сантай ТААВАР-т оролцоорой. Уралдааны 3 ялагчийг санамсаргүй байдлаар энэ сарын 17-нд шалгаруулах учир та бүхэн идэвхтэй оролцоорой. 

Тааварт оролцохыг хүсвэл Энд дарна уу

Нийтлэгч:  Спортын Сэтгүүлч Г.Идэр-Ууган