USA багийн ялагдлын тухай Америкийн хэвлэлийнхэн юу хэлэв?

“Тэд бараг байрлал бүр дээр өрсөлдөгчөөсөө жижиг харагдсан. Улмаар тоглогчдыг байнга сэлгэж, довтолгоонд гүйцэтгэлээр биш харин эрч хүчээр илүүрхэхийг хичээсэн. Олон онооны дутуу болоход хэн нэгнийг баатар болоосой гэж горьдсон. Гэнэт бүх зүйл тодорхой харагдсан. АНУ-ын шигшээ баг аваргын алтан медалийг инээгээд авдаг баг биш харин өөрсдөөсөө илүү багийг нухаж, гэнэтийн бэлэг барих гэж байгаа мэт байв. Рүди Гобер тэдний эсрэг хэт том байв. Францын бөмбөгний шилжилт, pick-n-roll хувилбар хэт сайн байв. Грегг Поповичийн стратеги хүртэл чансаа доогуур баг илүү багаа хожчих гэсэн хэв маягтай харагдав. Франц тоглолтын турш илүү баг нь байлаа.” – Брайн Уиндхорст, ESPN

“Коби, ЛеБрон, Дюрант, Кайри, Харден, Дэвис, Стеф нарын довтлох чадвараар дутсан энэ багийг дэлхийн шилдэг хамгаалалтын эсрэг зовно гэдгийг бид бүгдээрээ мэдэж байсан. Талбай дээрхи хамгийн шилдэг тоглогч нь Америкийн өмсгөлийг өмсөөгүй цагт хамгаалалтаар ч хожиход бэрх даалгавар гэдгийг хүн бүр гадарласан. Донггуан хотод болсон өчигдрийн явдал бол цочиж, гайхахаар зүйл биш юм. Долдугаар сараас хойш л ийм зүйл ирж буйг бид харсан. Гэхдээ харна гэдэг нь тэрэнд бэлэн байна гэсэн үг биш. Өөдөөс аюул ирж байхад зугтан зайлах хэрэгтэй. Энэ шигшээ баг чадсангүй.” – Дэн Давин, The Ringer

“Америкийн шигшээ багийн Францад хожигдсон явдал бол гутаж, ичиж, элдэв муу үгээр хэлэгдэж, хүссэнээрээ муулах зүйл биш юм. Америкчууд өөрсдөөсөө илүү багт л хожигдсон. Дөрөвдүгээр үед өрсөлдөгч нь тэднээс илүү хөдөлмөрлөсөн биш харин илүү сайн л байсан. Хамгийн шилдэг эсвэл хоёр дахь шилдэг багаа явуулахгүй бол ийм л зүйл бидэнд тохиолдоно” – Майкл Лий, The Athletic NBA

“Дэлхийн Аварга цолыг гурав дахь удаагаа дараалж хүртэх гэсэн Америкийн шигшээгийн оролдлого тэмцээн эхлэхээс хамаагүй өмнө буюу тоглооч гэсэн урилгаас бүх шилдгүүд татгалзахад л бүтэлгүйтсэн байсан. Иймд өнөөдрийн энэ үр дүнг тооцоолоогүй гэвэл худал. Илүү баг нь хожсон. Гэвч хамгийн шилдэг баг нь гэртээ үлдсэн. Өнгөрсөн жил сонгон шалгаруулалтад дуудсан 35 тоглогчоос ердөө дөрөв нь Хятадыг зорьсон. Одоогийн багт багтсан ихэнхи тоглогчид анхаарлын төвд байгаагүй. Дэлхийн шилдгүүдийн эсрэг өөрсдийгөө сорьж, хажуугаар нь Грегг Поповичийн бэлтгэлд зунжин хамрагдаж, хоёр сарыг золиослох тэдэнд асуудал биш байсан. Тэд чадахаараа хичээсэн. Гэхдээ хичээл зүтгэлд медаль өгдөггүй юм.” – Тим Далбөрг, Associated Press

“Мөрөөдлийн багаас хойш анх удаа Америкийн багт шилдэг тоглогч нь (Грекийн Яннис Антетокоунмпо) байгаагүй тохиолдол энэ байлаа. Тэр бүү хэл хоёр дахь шилдэг нь (Сербийн Никола Йокич) ч байсангүй. Гурав дахь шилдэг (Францын Рүди Гобер) бас байгаагүй гэж маргаж болно. АНУ-ын багт NBA-ийн одод биш харин гарааны тоглогчид л байлаа. Тэр нь ч харагдлаа. Дюрант, Жеймс, Брайнт нар шиг тоглолтыг хүсэл, зорилгоороо шийдвэрлэх тоглогч тэдэнд байсангүй. Биеэр жижиг ч шидэлтээр илүүрхэх ур чадвар бас дутав. Дөрөвдүгээр үед тэд чөлөөт шидэлт 11 шидэж, долоо алдаж, холын зайнаас тав шидэж, дөрөв алдсан. NBA болон FIBA-ийн сагсан бөмбөг бол буйцаа, байцаа хоёр л гэсэн үг. Харахад ижил боловч амт, мэдрэмж нь тэс өөр. Америкчуудын хувьд аль нэг нь муухай амтагдаж эхэллээ.” – Бэн Коуэн, Wall Street сэтгүүл

“Америкийн шигшээг тэр чигт нь муулах хараахан хэрэггүй. Олимпийн Наадамд буруугаа засах боломжийг өгье. Харин Токиод очоод хожигдвол өөр хэрэг. Хамгийн шилдэг гэсэн 12 тоглогчоо Олимп руу явуулах цаг болсон байна. Зөвхөн Мөрөөдлийн Баг л Америкийг аварч чадна.” -  Шон Грегори, Time сэтгүүл

Та бүхэн гоё шагналтай уралдаанд азаа үзэж амжаагүй яваа юм биш биз???

Дараах линкээр ороод маш том шагналын сантай ТААВАР-т оролцоорой. Уралдааны 3 ялагчийг санамсаргүй байдлаар энэ сарын 17-нд шалгаруулах учир та бүхэн идэвхтэй оролцоорой. 

Тааварт оролцохыг хүсвэл Энд дарна уу

Нийтлэгч:  Спортын Сэтгүүлч Г.Идэр-Ууган